2015 оны 2 сарын 5
Нэг: Төмөр бетоны түүхэн хөгжлийн тухай ухагдахуун

Бетон ба ган арматуртай нэгдмэл цул байдлаар холбогдсон материалыг төмөр бетон гэнэ. Төмөр бетоныг барилгын чулуун материалын бүлэгт хамруулж болох юм. Олон гайхамшигтай уран барилга, хөшөө дурсгалыг чулуугаар хийж тэр нь өнөөг хүртэл хадгалагдаж байна. Тухайлбал: Египетийн Прамид,Киеван хаадын сүм, Москвагийн Кремлийн ханын чулуу, Монголын Амарбаясгалан хийдийн чулуун суурь, багана гэх мэт. Энэ өнцгөөс авч үзвэл төмөр бетон харьцангуй залуу материал юм. Төмөр бетоны үүссэн үе 1850-1885 онд хамаарах ба арматурчилсан бетоны бүтээцийг хийх санааг Францад /Ч.Ламбо 1850 он, Ф. Куанье 1854 он, Ж. Монье 1867-1880 он, Англид /В.Уилкинсон 1854 он/, АНУ-д /Гиатт 1855-1877 он/ тус тусдаа дэвшүүлж байсан байна. 1849 онд Ч.Ламбо нарийн утсан торыг хоёр талаас нь цементэн зуурмагаар шавж анхны төмөр бетоны хэв шинжтэй завь хийсэн байна. 1855 онд Парис хотод гарсан олон улсын үзэсгэлэнд уг завийг тавьж үзүүлснээр удаан эдэлгээтэй болохыг тэмдэглэсэн байна. Уг завь нь 1920-иод онд Миравель /франц/ паркт хөвсөөр байжээ.

1854 онд Английн В.Уялкинсон галд тэсвэртэй арматурчилсан бетон хучлагын бүтцээр патент авч байжээ. 1867 онд Францын цэцэрлэгч Ж.Монье цэцгийн савыг нарийн утсаар торлож ус, цементэн зуурмагаар хийж патент авсан байна. 1868 онд тэрээр том биш төмөр бетоны бассейн барьж харин 1873 онд төмөр бетон гүүрийн бүтээцээр патент авсан байна. Иймээс түүнийг нилээд хугацаанд төмөр бетоны анхны зохион бүтээгч гэж тооцож байжээ. Харин 1999 онд Франц болон дэлхийн нийгэмлэг төмөр бетоны  150 жилийн ойг тэмдэглэсэн нь И.Ламбогийн бүтээлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. 1860-1880 онуудад энгийн дам нуруу ба хавтан хэлбэрийн анхны  төмөр бетоны бүтээцүүд бий болжээ. Энэ үед төмөр бетоны бүтээцийн ажиллах зарчим судлагдаагүй байсан учир бетоныг зөвхөн өөрийн сонголтоор бетоныг арматурчилж байжээ. Энэ үед Франц, Герман,Англи, Орос,АНУ зэрэг орнуудад төмөр бетон бүтээцийг зохион бүтээх анхны эхлэл тавигдаж байсан байна. ХIX зууны хоёр дугаар хагаст үйлдвэрлэл, тээвэр ба худалдаа хурдан хөгжиж байсан. Иймээс энэ хугацаанд цемент ба хар металлургийн үйлдвэрүүд олноор бий болжээ. Улмаар шинээр фабрик, завод, боомт ба бусад олон томоохон барилга байгууламжийг барих асуудал тавигдах болсон байна. Асуудал үүсч бий болсон байна. Энэ төмөр бетон бүтээцийг эрэлт буцалтгүй хөгжүүлэх эх үндэслэл суурь болсон байна. 1885-1917 онд тухайн үедээ эдийн засаг хөгжсөн Ангил, Франц, АНУ, Герман, Орос орнуудад төмөр бетоныг хэрэглэж байсан байна. Төмөр бетоны үйлдвэрийг барилгын хучилт, газар доорхи хоолой, худаг, хана, гүүр, дамжуулах хоолой, тавцан зэрэг байгууламжид хэрэглэжээ. 1886 онд Америкийн П.Дтексон гүүрэн барилгад бетоныг урьдчилан шахалтын хүчний үйлчлэлд хэрэглэхийг санаачилжээ. 1892 онд Францын инженер Ф.Генебик хавиргат төмөр бетон хучилтын хавтанг санаачилсан байна. 1885 онд Германы инженер Вейс, профессор Баушингер нар төмөр бетон бүтээцийн бат бэх, галд тэсвэртэй, арматуртай бетоны барьцалдааны талаар анхны шинжлэх ухааны үндэслэлтэй туршилт хийж нотолж тогтоосноор 1886 онд төмөр бетон хавтангийн тооцооны анхны томъёог гаргажээ. 1891 онд Оросын профессор Н.А.Белелюбский төмөр бетон дам нуруу, арк, резервуар, силос, 17 метрийн алслалттай гүүр зэрэг бүтээцийн бүлэг, цуврал туршилтыг явуулсан нь их ач холбогдолтой болж онолын судалгааг хөгжүүлсэн байна. 1928 онд Францын Э.Фрейсинэ анх урьдчилан  хүчитгэсэн бүтцийг санаачлан барилгад нэвтрүүлж ашиглажээ. 1900 онд Парижийн төмөр бетоны үзэсгэлэнгээс найдвартай барилгын материал болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Орой төмөр бетон бүтээцийг өөрсдийн практик ба гадаадын бусад орны туршлага дээр хөгжүүлсэн байна. 1897 онд Д.Ф.Жаримцов Батума хотод барилга барихдаа төмөр бетоны бүтээцийг хана босгоход ашигласан. 1904 онд дэлхийд анх удаа Николаевын тэнгисийн боомтод 40,2 метр өндөр төмөр бетоны маяк баригдсан. 1908-1909 онд А.Ф. Лолейт дам нуруугүй төмөр бетон хучилтын төслийг боловсруулжээ. Энэ үеэс барилга, байгууламжийн даацын бүтээцээс мод ба ган түрэгдэж төмөр бетон бүтээцийг өргөн хэрэглэх болсон. Төмөр бетон үүссэн үеийн судалгааны дүн баруун европын ба АНУ-д гарч байсан бөгөөд энэ тухай Францын инженер Консидер, Францын Бенбак, Германы Кёнен, Мёрш, Бельюлебек, Лоломб нарын бүтээлд тусгалаа олжээ. Орос оронд XIXзууны дунд үеэс уян харимхай материалын эсэргүүцлийн зарчимд тулгуурлан төмөр бетон бүтээцийг зөвшөөрөгдөх хүчдэлээр тооцох онолын ерөнхий эхлэлийг тавьж эхэлсэн. 1918-1944 онуудад Орос оронд олон тооны үйлдвэрийн болон усан техникийн барилга баригдсан бөгөөд 1928 онд анхны угсармал төмөр бетон бүтээц үйлдвэрлэж  эхэлсэн. 1929 оноос барилгад нимгэн ханатай орон зайн бөмбөгөр, долгионт,бүрхүүлт, бүтээцийг хэрэглэж 1930 оноос эхлэн урьдчилан хүчит гэж эхэлжээ.Дэлхийн II дайн дууссанаас хойш өнөөг хүртэл төмөр бетон нь үйлдвэрийн ба усан техникийн барилга төдийгүй орон сууц,хөдөө аж ахуйн барилгын үндсэн материал боллоо. Бүрэн угсармал барилга барих болсонтой холбогдон барилга байгууламжийн хийцлэлийн хэлбэр мэдэгдэхүйц өөрчлөгдөж тухайлбал эзлэхүүний блок, том хатгаалжит болон аргийн элементийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэснээр олон давхар барилгын хийцлэлийн шинэ шийдэл бий болсноор урьдчилан хүчитгэсэн төмөр бетон бүтээцэд илүү анхаарахад хүргэж байна. Манай оронд угсармал бетоны үйлдвэр 1958 онд байгуулагдаж жилд 50-15,0 мянган м3 бетон, төмөр бетон бүтээц, эдлэлийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэж, хүнд бетон хучилтын хавтан даацын ба даацын бус ялуу, бусад жижиг эдлэл үйлдвэрлэж өөрийн орны хэрэгцээг хангаж эхэлсэн билээ. 1963-1966 онд байшин үйлдвэрлэх комбинат байгуулагдан жилд 70мянган квадрат метр талбайд орон сууцны барилгыг угсармал бүтээцээр барьж эхэлсэн юм. 1970 оноос шинэ ангиллын төмөр бетон бүтээц үйлдвэрлэх болж үйлдвэрлэлийн шинэчлэл хийж 9-10 баллын газар хөдлөлттэй бүсэд тохирсон төмөр бетон бүтээцийг өргөн хэрэгжүүлэх болсон. Сүүлийн жилүүдэд цутгамал ба угсармал бетоны  хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Тухайлбал 2005 оныг 1990 онтой харьцуулахад угсармал төмөр бетон бүтээцийн үйлдвэрлэл 17,6 мянган м3-ээс 191,0 мянганы м3 хүртэл өссөн байхад 2010 оны түвшинд угсармал төмөр бетоны үйлдвэрлэл 163,1 мянган м3, цутгамал төмөр бетоны үйлдвэрлэл 442,3 мянган м3-д хүрчээ. Цаашид хэрэгцээ нэмэгдэхийн дээр барилга угсралтын ажлын технологид цутгамал болон каркасан бүтээцтэй дулаан тусгаарлах үе давхаргатай материалтай хосолмол технологи зонхилохоор байна. Хөгжингүй зарим орны тоо баримтаас үзэхэд Англи болон ОХУ-д 100 барилгын 92-93 нь төмөр бетоноор баригджээ. Харин АНУ 83 нь төмөр бетоноор баригдаж байхад АНУ модон барилга 13 байгаа нь хамгийн олон байгаа бөгөөд энэ Англи, Оросын холбооны улсынхаас 2,6 дахин олон байна.

МБҮА-ын барилгын эксперт, МУ-ын зөвлөх эдийн засагч Т.Норовжав

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ